Sunday, May 1, 2011

Лэрри А. Сентено: Би Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө энд байгаа

- Бага насныхаа талаар ярина уу? Ямар хүүхэд байсан бэ?
- Багадаа би их хөдөлгөөнтэй, нийтэч хүүхэд байсан.

- Сагсан бөмбөгөөр хэдэн настайдаа хичээллэж эхэлсэн бэ? Анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
- Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан гэвэл намайг бага байхад ээжид минь угаах хувцасаа хийдэг том сав байсан юм.Тэр савруу би элсний волейболын бөмбөг шидэж тоглодог байсан. Тэгээд телевизороор сагсан бөмбөгийн тэмцээнийг үзээд сагсан бөмбөг гэдэг спортыг сонирхож эхэлсэн. Анх 10 настайгаасаа эхлэн тоглож эхлээд 1998 оноос мэргэжлийн сагсан бөмбөгийн талбарт хүчээ сорьж эхэлсэн дээ. Манай гэр бүлийнхэн спортод их дуртай учир намайг сагсан бөмбөгөөр хичээллэхэд дэмждэг байсан. Миний өндөр өвөг эцэг бейсбол тоглодог байсан болхоор гэр бүлийнхэн нь бэйсболд их дуртай. Манай Пуартэрико хотын хамгийн том стадион өндөр өвөг эцгийн нэрээр нэрлэгдсэн байдаг.

- Монголд ирж тоглох болсон шалтгаан юу вэ? Анх лигт тоглоход ямар санагдаж байв?
- МУГТ Шаравжамц миний найз Ron-той Америк-д уулзаж сагсан бөмбөгийн талаар ярьж байсан тэр яриа намайг их татсан. Үндсэндээ намайг Монголд юу авчирсан бэ? гэхээр сагсан бөмбөг л авчирсан. Би Монгол тоглогчдын ур чадварын талаар ойлголтгүй байсан. Анх ирээд “Баянзүрх Буллс” багт тоглоод Монголын тамирчдын өрсөлдөх, ур чадвар маш их гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээд монголд аж төрөөд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байдаг.

- Таны бодлоор энэ жилийн лиг ямар болж байна вэ?
- Энэ жилийн лигийн зохион байгуулалт нь өмнөх жилүүдийг бодвол сайжирсан гэж би дүгнэж байгаа. Багуудын хувьд өөрсдөө ур чадвараа ахиулах тал дээр их зүйл хийсэн байна.

- Гадаадын тамирчидтай харьцуулахад Монголын тамирчдын ур чадвар ямар түвшинд байна вэ?
- Ур чадварын хувьд туйлийн их урт удаан зам байна. Гэхдээ одооны үеийнх шиг нь сагсан бөмбөгийн спортын хөгжлийг энэ эрчээр нь авч явбал 10-15 жилийн дараа Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай багууд гарч ирнэ гэдэгт би итгэж байгаа.

- Гадаадад сагсан бөмбөг ямар системээр хөгжиж байна вэ? Манай оронд юунаас болж хөгжил удаан байна вэ?
- Гадаадад хүүхдийг бага наснаас нь эхэлж маш их бэлтгэл сургалтанд тууштай, системтэйгээр хамруулж байна. Үүнээс гадна сагсан бөмбөгийн спортод маш их хөрөнгө оруулалт хийж, удирдлага зөв хангаж өгч байна. Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болохын тулд юуны өмнө хүн өөрийн цагаа зарцуулж, цагаараа хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Бас санхүүгээр хөрөнгө оруулалт хийж өгөх тэгсэн цагт сагсан бөмбөг хөгжинө. Аливаа нэгэн хөрөнгө оруулалт хийхдээ сайн үр дүн гараасай гэж хийдэг шүү дээ, тэгэхээр хүсэл эрмэлзэлгүй хөрөнгө оруулалт үр дүнгүй.

- Монголын тамирчдын сул болон давуу талууд, өөрийн чинь бодлоор.
- Давуу тал нь тамирчид өөрсдийгөө тамирчин гэдэг утгаараа өөртөө итгэлтэй хүсэл эрмэлзэлтэй тоглож байгаа нь том давуу тал.Сул тал нь талбайд гарсан тоглогчид би биедээ итгэдэггүй, тоглолтын үед цаг үеэ олсон шуурхай, зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна.

- Хоёр лигионер тоглогч талбай дээр гаргаж тоглуулах дүрэм танай багын тактикт хэр нөлөөлж байна вэ?
- Энэ дүрэмд орсон өөрчлөлт манай багийн хувьд бол маш их давуу тал болсон. Манай багийн Монгол тамирчид Америкийн тамирчидтай хамтарч тоглоод, тэдгээрийн ур чадвараас суралцаад, хоорондоо хамтран ажиллаж байгаа явдал бол бусад багт үлгэр дууриалал болох болов уу. Яваандаа бусад багууд гадаадын легионер тамирчидыг авчиран тоглох нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд нааштай нөлөөтэй гэж бодож байна.

- Тоглолтын шүүлтийн талаар ярина уу?
- Шүүлтийн талаар сайжруулах их олон зүйл байгаа гэж бодож байна. Шүүгчдийн гаргасан шийдвэр хууль шиг мөрдөгдөх ёстой. Ур чадварыг нь сайжруулах тал дээр их зүйл хийх хэрэгтэй. МСБХ-ноос гадаадын шүүгчдийн урьж авчирч Монголын шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авах гэж байгаа нь нааштай зүйл гэж бодож байна.

- Play off-д үлдэх боломж байгаа юу? Өрсөлдөгч багийн талаар?
- Би багаа бүрдүүлсэн гол зорилго бол Play off-д үлдэх зорилготой байсан. Одоо тоглож байгаа шигээ энэ эрчээрээ тоглох юм бол Play off-д үлдэнэ гэсэн итгэл, найдвар байгаа.Play off-д гараад тоглохдоо өрсөлдөгчидөө заавал хожино, тэгээд энэ жилийн лигийн аварга болно гэсэн бодолтой байгаа.

- Бидэнтэй хэдэн хором ярилцсан таньд баярлалаа. Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хийж буй үйл ажиллагаанд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
- Юуны өмнө миний болон багийнхны минь Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хийж байгаа ажил үйлсийг дэмжиж байдаг “Атар” гурилыг үйлдвэрлэдэг “MILL HOUSE” компани хамт олонд баярлсанаа илэрхийлмээр байна. Би Монголд долоон сар амьдарсан. Надад Монгол орон, ард түмэн нь ч гэсэн таалагддаг. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэрээ оруулах болно. Миний Монголд байгаа учир шалтгаан бол энэ гайхамшигтай сайхан орон, элэгсэг дотно, сайхан хүмүүстэй тийм учраас би Монголд байх дуртай.

Овог нэр: Лэрри А. Сентено
Төрсөн он сар өдөр: 1975.01.18
Өндөр жин: 185см, 89кг
Хобби: Ном унших
Ам бүл: Эхнэр хүүгийн хамт амьдардаг
Эрхэлдэг ажил: "Баскетбол линк" ТББ гүйцэтгэх захирал

No comments:

Post a Comment